GOSHOP.MN
Нууцлалын бодлого
Privacy Policy
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 06 сарын 25
Энэхүү Нууцлалын бодлого нь Нано Интернэйшнл ХХК-ийн эзэмшиж буй www.goshop.mn цахим худалдааны платформыг ашиглах үед таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах талаар тайлбарлана.
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү Нууцлалын бодлого (цаашид “Бодлого” гэх) нь Нано Интернэйшнл ХХК-ийн эзэмшиж, удирдаж буй www.goshop.mn цахим худалдааны платформ болон түүнтэй холбоотой гар утасны аппликейшн, дэд домэйн, цахим үйлчилгээ (цаашид нийтэд нь “Платформ”, “GOSHOP.MN” гэх)-ээр дамжуулан хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, дамжуулах, устгах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Компани нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.8-д заасан “мэдээлэл хариуцагч”-ийн эрх зүйн байдалтай бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээллийг тус хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулна.
1.3. Энэхүү Бодлого нь Платформ дээр бүртгэл үүсгэх, захиалга өгөх, төлбөр гүйцэтгэх, эсхүл Платформын аливаа үйлчилгээг ашиглахаас өмнө хэрэглэгчийн танилцаж, “Зөвшөөрч байна” товчийг дарж хүлээн зөвшөөрөх албан ёсны баримт бичиг мөн.
1.4. Хэрэглэгч “Зөвшөөрч байна” товчийг дарснаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.3, 8.4-т заасны дагуу цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөл гэж тооцогдох бөгөөд энэ нь Цахим гарын үсгийн тухай хууль болон Цахим баримт бичгийн тухай хуульд заасан цахим хэлбэрийн хүсэл зоригийн илэрхийлэл болно.
1.5. Хэрэглэгч энэхүү Бодлоготой бүрэн танилцаж, агуулгыг ойлгож, өөрийн сайн дурын үндсэн дээр зөвшөөрөл өгснөө баталгаажуулна. Бодлогын аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хэрэглэгч Платформын үйлчилгээг ашиглахаас татгалзах эрхтэй.
2. Нэр томьёоны тодорхойлолт
Энэхүү Бодлогод хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Тусгайлан тодорхойлоогүй нэр томьёог Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан утгаар ойлгоно:
2.1. “Хувийн мэдээлэл” – хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, түүнчлэн хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл.
2.2. “Хүний эмзэг мэдээлэл” – хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл. Платформ нь үндсэндээ эмзэг мэдээлэл цуглуулахгүй.
2.3. “Цахим тодорхойлогч” – хэрэглэгчийг цахим орчинд тодорхойлох нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээний хаяг, утас, төхөөрөмжийн таних дугаар, IP хаяг, күүки болон бусад технологийн хаяг.
2.4. “Мэдээллийн эзэн” – хувийн мэдээллээр нь тодорхойлогдож байгаа хэрэглэгч буюу та.
2.5. “Мэдээлэл хариуцагч” – хууль болон мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа Компани.
2.6. “Мэдээлэл боловсруулагч” – Компанийн нэрийн өмнөөс, түүний даалгавар, гэрээний үндсэн дээр хувийн мэдээлэл боловсруулдаг гуравдагч этгээд (жишээ нь, серверийн үйлчилгээ үзүүлэгч, хүргэлтийн компани, төлбөрийн байгууллага).
2.7. “Боловсруулах” – хувийн мэдээллийг бүртгэх, системчлэх, хадгалах, өөрчлөх, нэгтгэх, шинжлэх, дамжуулах, устгах зэрэг аливаа үйлдэл, үйлдлийн цогц.
2.8. “Зөвшөөрөл” – хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг тодорхой зорилгоор боловсруулахыг сайн дурын, тодорхой, ойлгомжтой байдлаар цаасан эсхүл цахим хэлбэрээр илэрхийлсэн хүсэл зориг.
2.9. “Платформ” – www.goshop.mn веб хуудас, GOSHOP.MN гар утасны аппликейшн болон холбогдох бүх цахим суваг, үйлчилгээ.
2.10. “Cookies” – хэрэглэгчийн төхөөрөмжид хадгалагдах, Платформын ажиллагаа, тохиргоо, статистик, маркетингийн зорилгоор ашиглагддаг жижиг текст файл.
2.11. “ХЭҮК” – Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага.
3. Бодлогын зорилго
3.1. Энэхүү Бодлогын зорилго нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль ёсны, шударга, ил тод байдлаар боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчид өөрийн мэдээлэл хэрхэн цуглуулагдаж, ашиглагдаж, хамгаалагдаж байгаа талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөхөд оршино.
Тодруулбал, энэхүү Бодлогоор дараах асуудлыг тодорхойлно:
- Компани ямар төрлийн хувийн мэдээллийг цуглуулдаг, ямар аргаар цуглуулдаг;
- уг мэдээллийг ямар эрх зүйн үндэслэл, зорилгоор боловсруулдаг;
- мэдээллийг хэнд, ямар нөхцөлд дамжуулдаг;
- мэдээллийг хэр хугацаагаар хадгалж, хэрхэн устгадаг;
- мэдээллийн аюулгүй байдлыг хангахаар авч буй арга хэмжээ;
- хэрэглэгчийн эдлэх эрх, тэдгээрийг хэрэгжүүлэх журам.
4. Үйлчлэх хүрээ
4.1. Энэхүү Бодлого нь GOSHOP.MN Платформыг ашиглаж буй бүх хэрэглэгч, зочин, бүртгэлтэй болон бүртгэлгүй хэрэглэгч, захиалагч, худалдан авагчид нэгэн адил үйлчилнэ.
4.2. Бодлого нь Платформоор дамжуулан хийгдэх барааны захиалга, төлбөр тооцоо, хүргэлт, буцаалт, хэрэглэгчийн үйлчилгээ, лояалти болон урамшууллын хөтөлбөр, маркетингийн харилцаа зэрэг бүх үйл ажиллагаанд хамаарна.
4.3. Платформ дээр гуравдагч этгээдийн вэб сайт, үйлчилгээ рүү чиглэсэн холбоос байршуулсан тохиолдолд тухайн гуравдагч этгээдийн нууцлалын бодлого үйлчлэх бөгөөд Компани тэдгээрийн үйл ажиллагаанд хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч холбоосоор орохын өмнө холбогдох гуравдагч этгээдийн нөхцөлтэй танилцахыг зөвлөж байна.
4.4. Энэ Бодлого нь техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар автоматаар мэдээлэл цуглуулах, боловсруулах харилцаанд нэгэн адил үйлчилнэ.
5. Хувийн мэдээлэл боловсруулах эрх зүйн үндэслэл
5.1. Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн дор дурдсан эрх зүйн үндэслэлийн аль нэг буюу хэд хэдэн нь үндэслэн боловсруулна:
5.1.1. хэрэглэгч өөрөө сайн дурын үндсэн дээр өгсөн зөвшөөрөл (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйл);
5.1.2. хэрэглэгчтэй байгуулсан гэрээ (худалдах-худалдан авах, хүргэлт, үйлчилгээний гэрээ)-г байгуулах, хэрэгжүүлэх шаардлага (мөн хуулийн 6.1.4);
5.1.3. Компанид хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг биелүүлэх шаардлага (мөн хуулийн 6.1.2), тухайлбал татвар, нягтлан бодох бүртгэл, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн шаардлага;
5.1.4. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх (мөн хуулийн 6.1.5);
5.1.5. хэрэглэгч болон бусдын амь нас, эрүүл мэнд, эрх, хууль ёсны ашиг сонирхол, эд хөрөнгийг хамгаалах, түүнд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх (мөн хуулийн 6.2.3, 6.2.4).
5.2. Компани нь хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахдаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан дараах зарчмыг чанд баримтална: хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх; хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; ялгаварлан гадуурхахгүй байх; зөвхөн хуульд заасан үндэслэл буюу зөвшөөрлийн дагуу боловсруулах; мэдээллийн аюулгүй байдлыг хангах; мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх.
5.3. Компани нь зөвшөөрөл авахдаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.2-т заасны дагуу мэдээлэл цуглуулах үндэслэл, зорилго, Компанийн нэр, холбоо барих мэдээлэл, цуглуулах мэдээллийн жагсаалт, боловсруулах хугацаа, мэдээллийг бусдад дамжуулах эсэх, зөвшөөрлөө цуцлах хэлбэрийг хэрэглэгчид урьдчилан ойлгомжтой, тодорхой танилцуулна.
5.4. Хэрэглэгч мэдээлэл цуглуулахад өгсөн зөвшөөрлийг хэдийд ч цуцлах эрхтэй. Зөвшөөрлийг цуцлах нь цуцлах хүсэлтийг хүлээн авахаас өмнө хууль ёсны үндэслэлээр хийгдсэн боловсруулалтын хууль ёсны байдалд нөлөөлөхгүй (мөн хуулийн 8.7).
5.5. Компани нь анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор мэдээллийг боловсруулах, ашиглах тохиолдолд хэрэглэгчээс дахин зөвшөөрөл авна (мөн хуулийн 8.10).
6. Цуглуулах мэдээллийн төрөл
6.1. Компани нь үйлчилгээний шинж чанар, хэрэглэгчийн сонголтоос хамаарч дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно. Бид зорилгод нийцэх, шаардлагатай хэмжээний мэдээллийг л цуглуулна.
Бүртгэл болон таних мэдээлэл
- овог, нэр;
- утасны дугаар;
- цахим шуудангийн (имэйл) хаяг;
- нэвтрэх нэр, нууц үг (нууц үгийг шифрлэгдсэн хэлбэрээр хадгална);
- регистрийн дугаар (зөвхөн нэхэмжлэх, баталгаажуулалт, хуулийн шаардлага гарсан зайлшгүй тохиолдолд);
- төрсөн он, сар, өдөр болон хүйс (хэрэглэгч сайн дураар оруулсан тохиолдолд).
6.2. Захиалга, гүйлгээний мэдээлэл
- хүргэлтийн болон тооцооны хаяг, байршил;
- худалдан авалтын түүх, сагсны агуулга, захиалгын дэлгэрэнгүй;
- төлбөрийн мэдээлэл (төлбөрийн хэрэгслийн төрөл, гүйлгээний дугаар, баталгаажуулалт). Компани нь картын бүрэн дугаар, нууц кодыг хадгалахгүй бөгөөд төлбөрийг лицензтэй төлбөрийн байгууллагаар дамжуулан боловсруулна;
- буцаалт, солилт, баталгаат хугацааны хүсэлтийн мэдээлэл;
- нэхэмжлэх, санхүүгийн баримтын мэдээлэл.
6.3. Харилцаа, үйлчилгээний мэдээлэл
- хүсэлт, санал, гомдол, лавлагааны агуулга;
- хэрэглэгчийн үйлчилгээ, дуудлагын төв, чат, имэйлээр харилцсан түүх;
- барааны үнэлгээ, сэтгэгдэл, шүүмж;
- бонус, оноо, эрхийн бичиг, лояалти болон урамшууллын оролцооны мэдээлэл.
6.4. Техникийн болон төхөөрөмжийн мэдээлэл
- IP хаяг, төхөөрөмжийн төрөл, загвар, үйлдлийн систем;
- хөтөч (browser)-ийн төрөл, хувилбар, хэлний тохиргоо;
- төхөөрөмжийн таних дугаар, дэлгэцийн нягтрал, цагийн бүс;
- Платформ дахь үйлдэл, үзсэн хуудас, товшилт, сессийн лог, хандалтын огноо, цаг;
- күүки болон ижил төстэй технологиор цуглуулсан мэдээлэл (11 дүгээр зүйлийг үзнэ үү).
6.5. Компани нь зайлшгүй шаардлагатай тохиолдлоос бусдаар хүний эмзэг мэдээлэл (эрүүл мэнд, шашин шүтлэг, генетик болон биометрик мэдээлэл гэх мэт)-ийг цуглуулахгүй. Хэрэв ийм мэдээлэл цуглуулах зайлшгүй шаардлага үүсвэл Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан нэмэлт нөхцөлийг хангаж, тусгайлан зөвшөөрөл авна.
6.6. Хэрэглэгч худал, бусдын, эсхүл алдаатай мэдээлэл оруулахгүй байх, өөрт хамаарах мэдээллийн үнэн зөв байдлыг хангах үүрэгтэй (мөн хуулийн 17.1.1).
7. Мэдээлэл цуглуулах арга
7.1. Компани нь хувийн мэдээллийг дараах эх сурвалж, аргаар цуглуулна:
7.1.1. Хэрэглэгчээс шууд авах
- Платформд бүртгүүлэх, профайл бөглөх үед;
- захиалга өгөх, төлбөр гүйцэтгэх, хүргэлтийн хаяг оруулах үед;
- утсаар, чатаар, имэйлээр, дуудлагын төвөөр, нийгмийн сүлжээгээр харилцах үед;
- санал асуулга, тэмцээн, урамшуулалд оролцох, гомдол, хүсэлт гаргах үед;
- аппликейшн суулгаж ашиглах үед.
7.2. Автоматаар цуглуулах
- Cookie, веб, локал хадгалалт зэрэг технологиор;
- сервер болон системийн лог бичлэгээр;
- дотоод аналитик болон Google Analytics зэрэг гуравдагч аналитикийн хэрэгслээр;
- маркетингийн хэмжилтийн хэрэгсэл (жишээ нь Meta/Facebook Pixel) болон сурталчилгааны таних кодоор;
- программ хангамж, API-аар дамжуулан.
7.3. Гуравдагч эх сурвалжаас авах
- төлбөрийн болон банкны байгууллагаас гүйлгээний баталгаажуулалт;
- хүргэлтийн түнш байгууллагаас хүргэлтийн төлөв;
- нийгмийн сүлжээ болон нэвтрэлтийн үйлчилгээгээр (хэрэглэгч тухайн аргаар нэвтэрсэн бол) дамжуулан ирэх танихуйн мэдээлэл;
- CRM, ERP болон бусад дотоод системд нэгтгэгдсэн мэдээлэл.
Автоматаар цуглуулсан зарим мэдээлэл нь дангаараа хэрэглэгчийг тодорхойлохгүй байж болох ч бусад мэдээлэлтэй нэгтгэснээр хувийн мэдээлэл болж хувирах тул Компани түүнийг энэхүү Бодлогын дагуу хамгаална.
8. Хувийн мэдээллийг ашиглах зорилго
8.1. Компани нь хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн дор дурдсан тодорхой, хууль ёсны зорилгоор боловсруулж, ашиглана:
Үндсэн үйлчилгээ үзүүлэх
- захиалгыг хүлээн авах, боловсруулах, баталгаажуулах;
- төлбөр тооцоо гүйцэтгэх, нэхэмжлэх олгох, санхүүгийн бүртгэл хөтлөх;
- бараа хүргэх, хүргэлтийн явцыг мэдээлэх, буцаалт, солилт, баталгаат үйлчилгээ үзүүлэх;
- хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, удирдах, таних, баталгаажуулах.
8.2. Үйлчилгээг сайжруулах
- Платформын ажиллагаа, аюулгүй байдал, гүйцэтгэлийг хангах, алдаа засах;
- хэрэглээний статистик, чанарын хяналт, шинжилгээ хийх;
- хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, бараа, үйлчилгээний саналыг хувийн болгох;
- шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх.
8.3. Харилцаа холбоо, маркетинг
- захиалга, төлбөр, хүргэлттэй холбоотой үйлчилгээний мэдэгдэл илгээх;
- хэрэглэгчийн хүсэлт, гомдол, лавлагаанд хариу өгөх;
- хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу урамшуулал, хямдрал, шинэ бараа, санал асуулгын мэдээлэл хүргэх;
- лояалти болон урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, оноо тооцох.
8.4. Эрсдэл, аюулгүй байдал, хууль зүйн зорилго
- залилан, луйвар, зүй бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх;
- эрсдэлийн үнэлгээ хийх, төлбөрийн найдвартай байдлыг хангах;
- маргаан барагдуулах, нэхэмжлэл, шаардлагад тайлбар, нотлох баримт гаргах;
- хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, төрийн эрх бүхий байгууллагын шаардлагыг биелүүлэх.
8.5. Автоматжуулсан боловсруулалт
- CRM, ERP, агуулах, нөөцийн удирдлагын системд мэдээлэл нэгтгэх;
- дуудлагын төв, чатбот, хиймэл оюун ухаанд суурилсан хэрэглэгчийн дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх;
- санал болголтын систем (Recommendation Engine)-ээр хэрэглэгчид тохирсон контент санал болгох.
Хиймэл оюун ухаан болон автоматжуулсан системийг ашиглан мэдээлэл боловсруулсны үр дүнд гарсан шийдвэрт хэрэглэгч гомдол, тайлбар гаргах, нэмэлт мэдээлэл оруулах, дахин боловсруулахыг шаардах эрхтэй (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 16.1.11).
Компани нь мэдээллийг анх цуглуулсан зорилгоос гадуур, түүнтэй нийцэхгүй зорилгоор ашиглахгүй.
9. Хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах
9.1. Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг худалдахгүй, түрээслэхгүй. Мэдээллийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр, эсхүл хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу дор дурдсан этгээдэд, зөвхөн зайлшгүй шаардлагатай хэмжээгээр дамжуулна (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.11):
- хүргэлтийн болон логистикийн компани – захиалгыг хүргэх зорилгоор;
- банк, төлбөрийн болон санхүүгийн байгууллага – төлбөр тооцоо гүйцэтгэх зорилгоор;
- серверийн байршуулалт (hosting), үүлэн (cloud) үйлчилгээ үзүүлэгч – мэдээлэл хадгалах, боловсруулах зорилгоор;
- SMS, имэйл, мэдэгдэл илгээх үйлчилгээ үзүүлэгч – мэдэгдэл хүргэх зорилгоор;
- аналитик болон маркетингийн үйлчилгээ үзүүлэгч (жишээ нь Google, Meta, Microsoft) – статистик, сурталчилгааны зорилгоор зөвшөөрлийн хүрээнд;
- мэргэжлийн зөвлөх, аудит, хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч – нууцлалын үүргийн хүрээнд;
- төрийн эрх бүхий байгууллага, шүүх, прокурор, цагдаа – хууль ёсны шаардлага, шүүхийн шийдвэрийн дагуу.
9.2. Компани нь мэдээлэл боловсруулагч гуравдагч этгээдтэй мэдээлэл хамгаалах үүргийг тодорхой тусгасан гэрээ (data processing agreement) байгуулж, тэдгээр нь зөвхөн Компанийн заавар, зорилгын хүрээнд мэдээллийг боловсруулах, аюулгүй байдлыг хангах баталгааг гаргуулна.
9.3. Хэрэглэгчид хамаарах мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан, эсхүл дамжуулахаар бол хэрэглэгч тухайн гуравдагч этгээдийн талаар мэдэх эрхтэй (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 16.1.4).
9.4. Хуульд заасан үндэслэлээр төрийн байгууллагад мэдээлэл дамжуулах тохиолдолд Компани нь шаардлага хууль ёсны эсэхийг хянаж, зөвхөн шаардсан хэмжээний мэдээллийг олгоно.
10. Олон улсын мэдээлэл дамжуулалт
10.1. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Компани нь хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан, эсхүл хэрэглэгч зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд мэдээллийг гадаад улс дахь хүн, хуулийн этгээд, олон улсын байгууллагад дамжуулахгүй.
10.2. Платформ нь үүлэн хадгалалт, гадаадад байрлах серверийн дэд бүтэц болон гадаадын аналитик, мэдэгдлийн үйлчилгээг ашиглаж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэл хил дамнан дамжуулагдаж болно. Хэрэглэгч энэхүү Бодлогыг хүлээн зөвшөөрснөөр ийнхүү дамжуулахыг зөвшөөрч байгаа болно.
10.3. Компани нь хил дамнан мэдээлэл дамжуулахдаа хүлээн авагч этгээдтэй гэрээгээр мэдээлэл хамгаалах баталгаа (жишээ нь стандарт гэрээний нөхцөл), хангалттай түвшний хамгаалалт шаардаж, мэдээллийн аюулгүй байдлыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн хангуулна.
10.4. Гадаад улс дахь хүлээн авагч этгээд нь зөвхөн дамжуулсан зорилгын хүрээнд мэдээллийг боловсруулах, нууцлах үүрэгтэй байна.
11. Cookie болон ижил төстэй технологийн бодлого
11.1. Платформ нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах, статистик гаргах, маркетинг хийх зорилгоор Cookie болон ижил төстэй технологийг ашигладаг.
Cookie ангилал
- Зайлшгүй шаардлагатай Cookie – нэвтрэлт, сагс, аюулгүй байдал зэрэг үндсэн ажиллагаанд зайлшгүй; эдгээрийг идэвхгүй болгох боломжгүй;
- Үйл ажиллагааны Cookie – хэл, бүс нутаг, тохиргоо зэрэг сонголтыг санах;
- Аналитик Cookie – хэрэглээний статистик, хуудасны гүйцэтгэлийг хэмжих;
- Маркетинг, сурталчилгааны Cookie – хэрэглэгчид тохирсон сурталчилгаа харуулах, үр дүнг хэмжих;
- Тохиргооны Cookie – хувийн тохиргоог хадгалах.
11.2. Хугацаа болон гарал үүслээр нь
- Сессийн Cookie – хөтөч хаагдах үед устдаг түр зуурын күүки;
- Байнгын Cookie – тогтоосон хугацаа дуустал төхөөрөмжид хадгалагдах Cookie;
- Гуравдагч талын Cookie – Компанийн түнш үйлчилгээ үзүүлэгчдийн байршуулсан Cookie.
11.3. Хэрэглэгч хөтчийн тохиргоо болон Платформ дээрх Cookie тохиргооны хэрэгслээр зайлшгүй шаардлагатайгаас бусад күүкиг хүлээн авах, татгалзах, устгах боломжтой. Cookie хязгаарласнаар Платформын зарим үйлчилгээ хэвийн ажиллахгүй байж болзошгүй.
11.4. Аналитик болон маркетингийн Cookie хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу идэвхжүүлэх бөгөөд хэрэглэгч зөвшөөрлөө хэдийд ч цуцлах боломжтой.
12. Хэрэглэгчийн эрх
12.1. Хэрэглэгч буюу мэдээллийн эзэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан дараах эрхийг эдэлнэ:
12.1.1. мэдээлэл цуглуулах, дамжуулах зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр өгөх, өгөхөөс татгалзах эрх;
12.1.2. өөрт хамаарах мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсэхийг мэдэх эрх;
12.1.3. зөвшөөрөл авахдаа танилцуулсан нөхцөл (зорилго, хугацаа, дамжуулах этгээд гэх мэт)-ийг мэдэх эрх;
12.1.4. мэдээллээ гуравдагч этгээдэд дамжуулсан, эсхүл дамжуулах бол тухайн этгээдийн талаар мэдэх эрх;
12.1.5. алдаатай мэдээллийг залруулах, өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл тусгуулах эрх;
12.1.6. хуульд заасны дагуу өөрийн мэдээллийг устгуулах эрх;
12.1.7. хууль тогтоомжоор цуглуулахыг хориглосон, эсхүл устгахаар заасан мэдээллийг хэрэгжүүлэхийг шаардах эрх;
12.1.8. өөрт хамаарах мэдээллийн хуулбарыг цаасан эсхүл цахим хэлбэрээр гаргуулан авах эрх;
12.1.9. уг хуулбарыг өөрийн сонгосон өөр мэдээлэл хариуцагчид дамжуулах эрх;
12.1.10. мэдээлэл боловсруулах явцад зөвшөөрлөө цуцлах хүсэлт гаргах, энэ тухай Компанид бичгээр мэдэгдэх эрх;
12.1.11. мэдээллийг боловсруулсны үр дүнд гарсан шийдвэрт гомдол, тайлбар гаргах, дахин боловсруулахыг шаардах эрх.
12.2. Хэрэглэгч дээрх эрхээ хэрэгжүүлэхийн тулд энэхүү Бодлогын 21 дүгээр зүйлд заасан холбоо барих хаягаар Компанид хүсэлт гаргана. Компани нь хүсэлтийг хүлээн авснаас хойш хуульд заасан, эсхүл боломжит богино хугацаанд хариу өгнө.
12.3. Хэрэглэгч өөрийн эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл ХЭҮК-т гомдол гаргах эрхтэй. ХЭҮК-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах, мөн Компанийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн болон эдийн бус хохирлоо нэхэмжлэх эрхтэй (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 16.2).
12.4. Эрхээ хэрэгжүүлэхдээ хэрэглэгч бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй (мөн хуулийн 17.1.3).
13. Компанийн үүрэг
13.1. Компани нь мэдээлэл хариуцагчийн хувьд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан дараах үүргийг хүлээнэ:
13.1.1. хуульд нийцүүлэн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах дотоод журам баталж мөрдүүлэх;
13.1.2. мэдээллийн эзнийг иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт, эсхүл цахим аргаар таньж, баталгаажуулсны үндсэн дээр зөвшөөрөл авах;
13.1.3. зөвшөөрөл авахдаа хуулийн 8.2-т заасан мэдээллээр хангах, цуглуулах зорилго, үндэслэлийг ойлгомжтой тайлбарлах;
13.1.4. зөвшөөрөл өгөхөөс татгалзах болон гомдол гаргах эрхийн талаар хэрэглэгчид тайлбарлах;
13.1.5. мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах;
13.1.6. хэрэглэгчийн хүсэлтийн дагуу мэдээллийг залруулах, нэмэлт оруулах, хуульд заасан үндэслэлээр устгах;
13.1.7. мэдээллийг зөвшөөрсөн зорилго, хугацаа, хүрээнд хязгаарлан боловсруулах.
13.2. Компани нь мэдээллийн аюулгүй байдал алдагдсан, хэрэглэгчийн мэдээлэл эрсдэлд орсон тохиолдолд холбогдох арга хэмжээг нэн даруй авч, хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
13.3. Компани нь ажилтан, түнш, гэрээт мэдээлэл боловсруулагчдад нууцлал хадгалах, мэдээллийг зөвхөн зорилгын хүрээнд боловсруулах үүрэг хүлээлгэж, сургалт, хяналт зохион байгуулна.
14. Мэдээллийн аюулгүй байдал
14.1. Компани нь хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт, өөрчлөлт, задруулалт, устгал, алдагдлаас хамгаалах зорилгоор зохион байгуулалт, техник, эрх зүйн арга хэмжээг олон улсын шилдэг практик (тухайлбал ISO/IEC 27001 мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын зарчим)-т нийцүүлэн авч хэрэгжүүлнэ. Үүнд:
- дамжуулалт болон хадгалалтын явцад мэдээллийг шифрлэх;
- хандалтын хяналт, эрхийн хязгаарлалт болон “зайлшгүй мэдэх”, “хамгийн бага эрх” зарчим;
- олон шатлалт баталгаажуулалт;
- халдлага илрүүлэх систем, тасралтгүй хяналт;
- лог бичлэг хөтлөх, аюулгүй байдлын аудит хийх;
- мэдээллийн нөөц хувилбар үүсгэх, алдагдлаас сэргийлэх.
14.2. Аюулгүй байдлын шаардлагыг хангасан нь мэдээлэл алдагдсанаас үүсэх хариуцлагаас Компанийг бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Компани нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
14.3. Интернэт болон цахим орчинд мэдээлэл дамжуулах нь бүрэн төгс хамгаалалттай байж чадахгүйг хэрэглэгч ойлгож хүлээн зөвшөөрнө. Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах кодыг нууцлах, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
15. Мэдээлэл хадгалах хугацаа
15.1. Компани нь хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн цуглуулсан зорилгод хүрэх, эсхүл хууль тогтоомжид заасан хугацаанд шаардлагатай хэмжээгээр хадгална.
15.2. Хадгалах хугацааг тогтоохдоо дараах хүчин зүйлийг харгалзана: үйлчилгээний болон гэрээний харилцаа үргэлжлэх хугацаа; татвар, нягтлан бодох бүртгэл, хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах зэрэг хууль тогтоомжийн шаардлага; маргаан, нэхэмжлэлээс хамгаалах хууль ёсны ашиг сонирхол.
15.3. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Компани нь мэдээллийг анх цуглуулсан зорилгод хүрсэн, хэрэглэгч зөвшөөрлөө цуцалсан, эсхүл хуульд заасан бусад үндэслэл бий болсон тохиолдолд устгана. Хуульд өөрөөр заагаагүй бол эдгээрээс бусад үндэслэлээр мэдээллийг устгахыг хориглоно.
15.4. Хадгалах хугацаа дууссан, эсхүл устгах үндэслэл бий болсон мэдээллийг Компани нь сэргээх боломжгүй байдлаар устгах, эсхүл хүнийг тодорхойлох боломжгүй болгож (анонимчлах) болно.
16. Насанд хүрээгүй хэрэглэгчийн мэдээлэл
16.1. Платформ нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд зориулагдсан болно. Компани нь насанд хүрээгүй хүнийг зорилтот болгон мэдээлэл цуглуулах зорилго тавихгүй.
16.2. Иргэний хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан, хуульд өөрөөр заагаагүй бол мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан насанд хүрээгүй болон эрх зүйн чадамж хязгаарлагдмал хэрэглэгчийн мэдээллийг цуглуулахад түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч)-өөс зөвшөөрөл авна (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.5).
16.3. Компани нь насанд хүрээгүй хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулсныг мэдсэн тохиолдолд тухайн мэдээллийг боломжит богино хугацаанд устгах арга хэмжээ авна. Эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийнхээ мэдээлэлтэй холбоотой хүсэлтийг 21 дүгээр зүйлд заасан хаягаар гаргаж болно.
17. Маркетингийн зөвшөөрөл
17.1. Компани нь хэрэглэгчид урамшуулал, хямдрал, шинэ бараа, үйлчилгээ, санал асуулга зэрэг маркетингийн агуулгыг зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрсөн тохиолдолд хүргэнэ.
17.2. Захиалга, төлбөр, хүргэлт, аюулгүй байдалтай холбоотой үйлчилгээний (гүйлгээний) мэдэгдэл нь үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай тул маркетингийн зөвшөөрлөөс үл хамааран илгээгдэж болно.
17.3. Хэрэглэгч маркетингийн зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цуцлахын тулд илгээмж доторх “татгалзах” (unsubscribe) холбоос, профайлын тохиргоо, эсхүл холбоо барих хаягийг ашиглаж болно. Зөвшөөрөл цуцалсан нь үйлчилгээний зайлшгүй мэдэгдэл хүлээн авахад нөлөөлөхгүй.
18. Мэдэгдэл хүргэх суваг
18.1. Компани нь хэрэглэгчийн зөвшөөрсөн дараах сувгаар үйлчилгээ болон маркетингийн мэдэгдэл хүргэж болно: апп мэдэгдэл, SMS, цахим шуудан, утасны дуудлага, мессенжер болон харилцааны аппликейшн (жишээ нь Viber, Telegram, Messenger).
18.2. Сурталчилгаа, урамшууллын мэдэгдлийг зөвхөн маркетингийн зөвшөөрөл өгсөн хэрэглэгчид хүргэх бөгөөд хэрэглэгч тухайн сувгийн тохиргоо, төхөөрөмжийн тохиргоо, эсхүл татгалзах холбоосоор зөвшөөрлөө удирдах боломжтой.
18.3. Хэрэглэгч төхөөрөмж, апп, хөтчийн тохиргоогоор мэдэгдлийг идэвхгүй болгох эрхтэй.
19. Бодлогын өөрчлөлт
19.1. Компани нь хууль тогтоомжийн өөрчлөлт, үйлчилгээний хөгжил, технологийн шинэчлэлд нийцүүлэн энэхүү Бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.
19.2. Бодлогод оруулсан өөрчлөлтийг Платформ дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Үндсэн, эрсдэлтэй холбоотой томоохон өөрчлөлтийг хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх, шаардлагатай бол шинээр зөвшөөрөл авах арга хэмжээг Компани авна.
19.3. Бодлогын шинэчилсэн хувилбар хүчин төгөлдөр болсны дараа Платформыг үргэлжлүүлэн ашигласан нь шинэчилсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэглэгч өөрчлөлттэй тогтмол танилцахыг зөвлөж байна.
19.4. Бодлогын хувилбар, хүчин төгөлдөр болсон огноог баримт бичгийн төгсгөлд тэмдэглэнэ.
20. Маргаан шийдвэрлэх, холбогдох хууль
20.1. Энэхүү Бодлогоос үүсэх аливаа маргааныг талууд эв зүйгээр, хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ. Хэрэглэгч эхний ээлжид Компанид бичгээр гомдол гаргаж, Компани түүнийг хуульд заасан хугацаанд барагдуулахыг хичээнэ.
20.2. Хэлэлцээгээр шийдвэрлэх боломжгүй маргааныг Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.
20.3. Хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж үзвэл хэрэглэгч ХЭҮК-т гомдол гаргах эрхтэй.
20.4. Энэхүү Бодлого, түүнтэй холбоотой харилцаанд Монгол Улсын Үндсэн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Цахим баримт бичгийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон цахим худалдаа, хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой бусад хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэглэнэ.
21. Холбоо барих
21.1. Энэхүү Бодлого, хувийн мэдээлэл боловсруулалт, эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа асуулт, хүсэлт, гомдлыг дараах хаягаар Компанид ирүүлж болно:
- Платформ: www.goshop.mn
- Цахим шуудан: info@goshop.mn
21.2. Компани нь мэдээлэл хамгаалах асуудал хариуцсан ажилтан, эсхүл нэгжийг томилон ажиллуулж болох бөгөөд хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан хугацаанд хариу өгнө.
22. Бусад заалт
22.1. Энэхүү Бодлого нь Платформ дээр нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
22.2. Энэхүү Бодлогын аль нэг заалт хүчин төгөлдөр бус, эсхүл хэрэгжих боломжгүй гэж тооцогдсон нь Бодлогын бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
22.3. Энэхүү Бодлого нь Платформын Үйлчилгээний нөхцөл болон бусад холбогдох баримт бичгийн салшгүй хэсэг бөгөөд тэдгээртэй уялдан хэрэгжинэ. Бодлого нь хэрэглэгчид зориулсан нийтэд нээлттэй баримт бичиг бөгөөд Компанийн дотоод журмын байр суурийг илэрхийлэхгүй.
22.4. Хэрэглэгч энэхүү Бодлоготой танилцаж, ойлгож, “Зөвшөөрч байна” товчийг дарж, эсхүл Платформыг ашигласнаар түүнд заасан нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрснөө баталгаажуулна.
GoShop платформыг ашигласнаар та энэхүү нууцлалын бодлого болон манай үйлчилгээний нөхцөлтэй танилцсан гэж үзнэ.